ЗЭЭЛЭЭ ТӨЛСӨН ДАРУЙД ЗЭЭЛИЙН “ХАР ЖАГСААЛТ”-ААС ШУУД ГАРДАГ БОЛЛОО
Иргэдийн дунд “хар жагсаалт” хэмээн нэрлэгддэг Зээлийн мэдээллийн сантай холбоотой зохицуулалтад иргэдэд ээлтэй өөрчлөлт оржээ.
Тодруулбал, иргэн зээлээ бүрэн төлсөн даруйд зээлжих зэрэглэлийн оноо нь шууд шинэчлэгдэж, өмнөх өр төлбөрийн сөрөг нөлөө бодит цагийн горимоор арилдаг болжээ. Өөрөөр хэлбэл, өмнө нь зээлээ төлж дуусгасан ч мэдээлэл шинэчлэгдэхийг тодорхой хугацаанд хүлээдэг байсан асуудлыг шийдвэрлэсэн байна.
Мөн гар утас, цахилгаан, дулаан, ус зэрэг хэрэглээний төлбөрөө хугацаанд нь төлөөгүй тохиолдолд тухайн мэдээлэл зээлийн оноонд нөлөөлдөг байсныг өөрчилжээ. Цаашид эдгээр хэрэглээний төлбөрийн мэдээлэл нь зээлийн оноо тооцоход нөлөөлөхгүй бөгөөд зөвхөн зээлийн лавлагааны “Бусад өр төлбөр” хэсэгт тусад нь харагдах юм.
Ингэснээр иргэд гар утасны төлбөр зэрэг хэрэглээний төлбөрөө хугацаандаа төлөөгүй гэх шалтгаанаар зээлжих зэрэглэлээ бууруулах, улмаар “хар жагсаалт”-д орсон мэт хүндрэл үүсэх зохицуулалтгүй болж байна.
Уг өөрчлөлтийн хүрээнд 690 гаруй мянган өр төлбөр болон хүлээгдэж буй төлбөрийн мэдээллийг зээлийн оноо тооцох системээс гаргаж байгаа талаар албаныхан мэдээлжээ.




СЭТГЭГДЭЛ (0)