ЛИОНЕЛЬ МЕССИ АСТУРИАСЫН ГҮНЖИЙН НЭРЭМЖИТ СПОРТЫН ШАГНАЛ ХҮРТСЭН АНХНЫ ХӨЛБӨМБӨГЧИН БОЛЛОО
Aргентины хөлбөмбөгийн од Лионель Месси 2026 оны “Астуриасын гүнжийн нэрэмжит спортын шагнал”-ыг аравдугаар сарын 23-нд Испанийн Овьедо хотод гардан авлаа. Тэрбээр энэхүү нэр хүндтэй шагналыг хүртсэн түүхэн дэх анхны бие даасан хөлбөмбөгчин болж байна.
Шагнал гардуулах ёслол Кампоамор театрт болж, Испанийн угсаа залгамжлах гүнж Леонор Мессид шагналыг гардуулжээ.
Шагналын шүүгчид түүний хөлбөмбөгийн спортод гаргасан онцгой амжилт, олон жилийн турш тогтвортой үзүүлсэн ур чадвар, багийн тоглолтод оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлсэн байна.
Түүнчлэн Месси өөрийн сангаар дамжуулан нийгмийн эмзэг бүлгийн хүүхдүүдийн боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулахад чиглэсэн буяны үйл ажиллагаа явуулдаг нь шагнал хүртэхэд нөлөөлжээ.
Найман удаа “Ballon d’Or” шагнал хүртсэн Месси Аргентины шигшээ багийн хамтаар 2022 оны ДАШТ-д түрүүлж, клуб болон шигшээ багийн түвшинд олон арван цом хүртсэн билээ.
“Астуриасын гүнжийн нэрэмжит шагнал”-ыг спорт, урлаг, шинжлэх ухаан болон нийгмийн бусад салбарт онцгой хувь нэмэр оруулсан хувь хүн, байгууллагад жил бүр олгодог бөгөөд шагнал нь 50 мянган еврогийн мөнгөн урамшуулал, диплом, тэмдэг болон Жоан Мирогийн урласан баримлыг дагалддаг юм.




СЭТГЭГДЭЛ (0)